МОНГОЛ ДАХЬ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХООЛ ТЭЖЭЭЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ
May 9, 2025
Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институт (ДДНХИ) нь Хараат Бус Судалгааны Хүрээлэн (IRIM), Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-тай хамтран “Монгол дахь уур амьсгалын өөрчлөлтийн хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлд үзүүлэх нөлөөлөл” судалгааг хийж гүйцэтгэлээ.
Уг судалгааг цаг уурын болон эрүүл мэндийн анхдагч ба хоёрдогч мэдээллүүдийг цуглуулж тоон ба чанарын дүн шинжилгээний аргуудыг ашиглан хийж гүйцэтгэлээ. Ингэхдээ цаг уурын хувьсагчууд болон эрүүл мэндийн үзүүлэлт хооронд орон зай, цаг хугацааны олон шатлалт шинжилгээ хийж, хамаарлыг тооцсон. Судалгааны хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:
- Уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн талаарх одоо хэрэгжүүлж буй нийгмийн эрүүл мэндийн бодлого, хөтөлбөрүүдэд дүн шинжилгээ хийх;
- Монгол Улсын уур амьсгалаас шалтгаалах эрүүл мэндийн эрсдэлүүдийг дараах байдлаар тодорхойлох:
- Цаг уурын хувьсагчууд (агаарын хэм, хур тунадас, чийгшил, салхины хурд, байгалийн гамшигт үзэгдлүүд) ба сонгосон өвчлөлүүд (амьсгалын замын, зүрх судасны тогтолцооны, хоол боловсруулах тогтолцооны, вектороор дамжих халдварт өвчлөл гм.) хоорондын хамаарлыг судлах;
- Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан эрүүл мэндийн үр дагаврын хувьд хамгийн өртөмтгий бус нутаг, хүн амыг тодорхойлох;
- Хамаарал тооцсон дүн шинжилгээнд үндэслэн ирээдүйд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан хүн амын эрүүл мэндэд учрах нөлөөллийн талаар таамаглал дэвшүүлэх;
- Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан эрүүл мэндийн үр дагаврыг бууруулах бодлого стратеги боловсруулахад шаардлагатай нотолгоонд суурилсан зөвлөмж боловсруулах.
Уг судалгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, эрүүл мэндэд учруулж буй эрсдэлийг бууруулах чиглэлд дэлхийн олон оронд авч хэрэгжүүлж буй хүчин чармайлтуудын нэгээхэн хэсэг юм.
Thematic Areas
Tags
Country